ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

С.Түмэнбаяр: Аймгийн хурал бол асуудлыг том зургаар нь хардаг байгууллага

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч С.Түмэнбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр Сайншанд сумын IV баг буюу Төмөр замын хэсгээс ИТХ-д гурван удаа сонгогдсон төлөөлөгч.
-Сайншанд сумын IV баг хүн ам ихтэй төмөр замын харьяа байгууллагууд төвлөрсөн томоохон суурин. Сүүлийн үед тус багт ямар бүтээн байгуулалт өрнөж байна?
-Манай төмөр замын багийн хүн ам шилжин суурьшиж ирсэн хүнтэйгээ нийлээд зургаан мянга гаруй боллоо. УБТЗ-ын харьяа байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд гээд төвлөрөл жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Одоогоор тус багт ганцхан “Хараацай” цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг төдийгүй зөвхөн төмөр замынхаа ажилчдын  хүүхдийг л хүлээн авдаг. Гэтэл төмөр замд ажилладаггүй, өөр газар ажилладаг бас ажилгүй иргэдийн хүүхдүүд цэцэрлэгт хүмүүжих боломжгүй нөхцөл байдал нэлээд удаан үргэжилсэн. Тиймээс энэ асуудлыг судалж үзээд аймгийн ИТХ-д санал оруулж өнгөрсөн онд газар болон төсөв хөрөнгийг нь шийдүүлснээр бид 150 хүүхдийн багтаамжтай нэгэн шинэ цэцэрлэгээ удахгүй  ашиглалтад хүлээн авах гэж байна. Энэ ажлыг эхлүүлэхэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид маань ихээхэн дэмжсэн. Мөн тус багт байдаг цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг тохижуулах асуудалд анхаарал хандуулж өнгөрсөн жил засвар үйлчилгээ хийлгэсэн. Бас цэцэрлэгт хүрээлэндээ ард иргэдтэйгээ хамтарч жигд, улаан сухай, мод тарьж ургууллаа. Энэ цэцэрлэгт хүрээлэн намайг хүүхэд байхад мод найгасан битүү ой шиг байсан.Харамсалтай нь сүүлийн үед тийм байдалтай байж чадахгүй л байна. Учир нь арчилгаа үйлчилгээ муудсан. Хуучнаар төмөр замын Орон сууцны анги хариуцаж ажилладаг  байхад Хулаа гуай гэдэг хөгшин  харж ханддаг, мод бургас хугаллаа гээд биднийг хөөдөг, янз бүрийн шувуу ирээд суучихдаг байсан цаг үе. Тэр үеийг гүйцэхгүй ч гэсэн албаны хүмүүс тордоод арчилж  л байна.

-Дөрөвдүгээр багт хамгийн тулгамдсан ямар асуудал байна?     
-Сайншанд сумын  ерөнхий боловсролын III сургуулийн багтаамж үндсэндээ хоёр дахин ихэслээ. 400 орчим хүүхдийн багтаамжтай сургууль 800 хүрсэн байх жишээтэй.Анх биднийг сурагч байхад хоёр давхар шар байшин байсан. Дараа нь  Раш даргыг УБТЗ-ын дарга байхад хөрөнгө оруулж, мөн аймгаас тусламж дэмжлэг авч өргөтгөл хийлгэсэн ч одоо  мөн л ачааллаа дийлэхгүй байна. Бид Сайншанд суманд хүсэлт гаргаж 2.5 га газрыг  сургууль барих зориулалтаар шийдүүлсэн.Уг нь иж бүрэн дунд сургууль барья гэсэн боловч газар нь иргэдэд өмчлөгдсөн байна. Хэдэн хүүхдийн багтаамжтай сургууль барихаас шалтгаалж стандарт норм нь өөр өөр байдаг аж. Тэгэхээр эхний удаа бага сургууль барьчихвал ачаалал багасаж өдөрт 2-3 хичээллэдэг байдал үгүй болж хэвийн хичээллэх боломж бүрдэнэ. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр IV багийг хоёр болгож хуваасан. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх талаасаа сайн талтай. Мөн төмөр замын жижиг орон сууцнууд болон гэр хорооллыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээ, халаалт дулаанд холбох асуудал нэн түрүүнд тавигдаж байна.

-Агаар, хөрсний бохирдол ихтэй болсон гэсэн үг үү?
-Хөрсний бохирдол маш их. Үүнээс шалтгаалж янз бүрийн халдварт өвчин дэгдэх нь ихэсдэг. Иргэн бүр эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна. 2004 он аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоны дараа  аймгийн төсвийн 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар депо байранд 5 нийтийн бие засах газар, таван бохир усны цооног хийлгүүлж байсан. Тэр одоо хүний хэрэгцээ шаардлага хангахгүй болжээ.Түүнээс хойш депо байрнаас баруун тийш өмчлөлөөр ард иргэдэд олон газар өгсөн, суурьшил мөн нэмэгдсэн. Тэгэхээр үүнийг дагаад айл болгон хашаандаа бие засах газар барьж буй учир хөрсний бохирдол ихээхэн нэмэгддэг. Мөн цахилгааны инженерийн шугам сүлжээний асуудал чухал байгаа. Газар олгоод байдаг гэтэл дэд бүтцийг нь шийдэхгүй болохоор айл буухгүй байна. Хот байгуулах ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу цахилгаан, худаг ус, үйлчилгээ авах нөхцөлийг нь шийдэж өгөхгүй бол  хэн очиж буух билээ. Одоо төмөр  замын багт гурван уурын зүух ажиллаж байна. Ирээдүйд аймаг орон нутгийн хувьд халаалтын төвлөрсөн нэг станцтай байх хэрэгтэй. Энэ олон яндан, ядангаас гарч буй нүүрсний утаа агаарын бохирдлыг үүсгэх шалтгаан болдог. Халаалт дулааны өртөг ч үнэ ихтэй. Өртөг өндөртэй болохоор бизнес үйлчилгээ хийх гэсэн хүмүүст ихээхэн дарамт болж ашиглалтын зардлаа дийлэхгүйд хүрч байх жишээтэй. Тэр үед “Улсын Их хурлын гишүүний мөнгө” гэж  муу хэлэгдсэн хөрөнгө байлаа.  Ж.Батсуурь гишүүнээс тусламж дэмжлэг авч 2012 онд л гэхэд хувьчлагдсан 5 давхар байрнуудын дээвэр, инженерийн шугам сүлжээний асуудал, гадна засварын асуудлыг ч шийдүүлж л байлаа. Одоо энэ барилга байгууламжийн зардлыг СӨХ-д өгчихсөн.Гэтэл СӨХ зардлыг нь дийлэхгүй л байна. Хүмүүс нь татвар хураамжаа өгөхдөө хойрго, тэгсэн хэрнээ шаардлага тавиад байдаг, дээрээс нь инженерийн шугам сүлжээ нь муудсан гээд асуудал бий. Бид үүнийг харж үзэхгүй бол хувьчлаад өгчихсөн  гээд хаячих юм бол болохгүй. Нийтийн эзэмшлийн байшинд оршин сууж байгаа хүмүүс зөвхөн өөрийнхөө байрны өнгө үзэмжийг сайжруулаад байдаг, гэтэл нийтийн эзэмшлийн газар, талбай, хонгил, шат, подвалыг засварлах ажил гээд  олон асуудал бий. Дээрээс нь манай аймагт иргэдэд газар өмчлөхдөө харьцангуй бага газар өгөөд байна л даа. Уг нь хуулиараа 3500 м2 хүртэл хэмжээтэй газар олгох байтал дөнгөж 2000 м2 хэмжээтэй өгч байх жишээтэй.Газар гэдэг ямар үнэ цэнэтэй капитал билээ, үүнийг үр хүүхдүүдээ өвлүүлж үлдээнэ гэдгийг албаны хүмүүс иргэдэд ойлгуулахгүй байна шүү дээ. Гэтэл аймгийн Засаг дарга нь газрыг 200-300 га-гаар авч адууны зүчээ хийж байна. Энэ асуудалд бий шүүмжлэлтэй ханддаг.   Төрөөс нэг удаа ард иргэддээ боломж олгож  үнэгүй газар өмчлүүлж байгаа цаг.

-Орон нутгийн ард иргэдээс танд хаягласан санал хүсэлт олон ирж байна уу?
-Маш олон ирдэг. Надад тийм санхүүгийн эрх мэдэл байхгүй. Нэгэнт би энэ хүмүүсийг төлөөлж суучихаад ажиллахгүй чадахгүй гэж хэлэх эрх надад байхгүй. 2005 оноос хойш миний төлөөлөгчийн албан бланк дээр хамгийн анх Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст, аймгийн Засаг даргад гээд л явуулж байсан асуулга, тайлбар авахыг хүссэн саналууд, асуултууд байдаг. Жишээ нь энэ он гараад хэчнээн асуудалд албаны шугамаар хандаваа гээд үзэхэд 13 асуудлаар байгууллага, албан тушаалтанд хандсан байна. Хамгийн сүүлчийнх нь аймгийн ГХБХБГ-ын даргад явган хүний болон дугуйн зам хийж байгаа ажлаа үргэлжлүүлж хойшоо Сайншандын төв зам дагуулан төмөр замын вокзал хүртэл явуулаач гэсэн санал. Бас багийнхаа төв цэцэрлэгт хүрээлэндээ нэмж хүүхэд багачууд, настнууд нарлан суух сандал, саравч, дасгал хөдөлгөөн хийх тоног төхөөрөмж суурилуулж өгөөч гэх зэргээр хүсэлт тавьсан. Мөн гадуур эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн зүгээс хагас бүтэн сайнд эм тариа хийхгүй байна, заавал 103 руу явж төлбөртэй хийдэг боллоо гэдэг асуудлыг шийдэж өгөөч гэсэн. Би Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Нямгэрэл болон өрхийн “Талст” эмнэлэг рүү ярьж хагас бүтэн сайнд 10-13 цагийн хооронд эмчээ байнга ажиллуулах тэнд эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст тариа хийлгэж байх асуудлыг ярьж шийдвэрлүүлсэн. Иргэд үүнд ихээхэн сэтгэл хангалуун байдаг. Мөн урлагийн авьяатай залуусаа дэмжиж CD гаргахад зориулж 500 мянга, мөн манай багийн нэг иргэний хүүхэд АНУ-д сагсан бөмбөгийн тэмцээнд оролцоор шалгарч дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргахад нь хурлаас 500 мянган төгрөгөөр дэмжүүлэх гээд төлөөлөгчийн хувиар боломжийнхоо хэрээр шийдээд л явж байна.   

-Төлөөлөгчийн тавьсан асуулга хэр хэрэгждэг вэ?
-Янз бүр. Би асуудал тавих болгондоо хуулбарыг нь Ажлын албанд өгч хянуулдаг. Дараа нь би “Миний тэр байгууллагад өгсөн  бичгийн  хариу хуулийн хугацаанд ирээгүй байна шүү, та нар юу хийж байна, яагаад  миний бичгийн хариуг авч өгөхгүй байна гэж” асууж шахдаг. Тэгэхээр  миний гаргасан албаны бичиг дээр хурлын Ажлын алба байнга хяналт тавьдаг гэсэн үг. Тэгэхээр ганцхан Түмэнбаяр биш хурлын ажил болж хүрээ нь өргөждөг учраас хэрэгжих магадлал нь илүү байдаг. Өнгөрсөн жил хурлаас тойрогт сонгогдсон төлөөлөгч нарыг ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор 10 сая төгрөг шийдвэрлэсэн. Энэ хөрөнгийг дөрвөн асуудалд хандуулсан. Нэгдүгээрт шүдний эмчийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу манай багт шүдний кабинет ажиллаж байгаа, хоёрдугаарт 3 сая төгрөгийг “Хараацай” цэцэрлэгийн анги тохижуулахад, 1.5 сая төгрөгийг сургуулийн дотуур байрны тохижилтын ажил, 500 мянган төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлчилгээ явуулах байрны засварт, Хийморийн овоо дээр байсан Очирваань бурхны цогцолбор барих суурийн ажилд 1 сая төгрөгийг зарцуулсан. Мөн манай багийн 60 гэр байр, малчны гэр байрны орчимд газар өмчилсөн айлуудын цахилгааны асуудалд шаардлагатай хөрөнгө зардлыг аймагт тавьж шийдүүлж өгсөн гээд олон ажлууд байна. Мөн төмөр замын багийн 129,130-р байр руу тавьсан асьфалтан замыг нэхэл дагуул болж байж энэ зун тавиуллаа. Өмнө нь хоёр ч удаа зассан хэдий ч хучилт нь ховхорч унаад байсан.

-Сум, аймгийн ИТХ-д нэг асуудлыг дахин дахин авч хэлэлцээд байх шиг санагддаг. Хурлын давхардсан эрх үүргийн талаар та ямар бодолтой байна?
-Энэ бол Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу явж байгаа  процесс. Аймгийн хурал энэ асуудлыг шийднэ, сумын хурал мөн үүнийг шийднэ гээд нарийвчлан тодорхой болговол асуудал хялбар л болох байх. Сумын хурлаар шийдсэн асуудлыг аймгийн хурлаар оруулж хянаж байх нь зөв байх аа. Хуулиараа ерөөсөө ерөнхий зүйлийг нь хар, мэргэжил арга зүйн зөвлөгөө өг гэсэн байгаа. Гэхдээ сумын ажилд оролц гэсэн санаа биш. Жишээ нь хамгийн сүүлд л гэхэд суманд хайгуулын лиценз олгох асуудлыг хэлэлцэхдээ сум нь зөвшөөрөөгүй байхад бид дэмжихгүй гээд явуулж байх жишээтэй. Аймгийн хурал бол асуудлыг өргөн хүрээнд хардаг, 14 сумынхаа хэмжээнд сэтгэж  анхаарлаа төвлөрүүлж, шийдвэр гаргадаг байгууллага.

-Төвлөрлийг сааруулах талаар их л ярьж бичих юм, Танд ямар санал байна?
-Төвлөрөл яагаад үүсэн юм бэ гэдэг шалтгаан, судалгааг нь эхэлж авах ёстой. Нэгдүгээрт иргэд төв рүү явахад ямар таатай нөхцөл үүсээд байгаа юм гэдгийг судалж тэр таатай нөхцөлийг аймаг, сум, багт бий болгох хэрэгтэй. Юун түрүүнд үйлчилгээ,  дараа нь эмнэлэг, сургууль цэцэрлэгийн үйлчилгээ зэргийг бүрдүүлээд өгөх юм бол заавал дөрвөн уулын дунд амьдрах гээд зүтгэхгүй. Өөрөөр хэлбэл хүний амьдрах таатай нөхцөлийг хөдөө, хотгүй адилхан болгох асуудал юм. Тэгэхээр төр үүргээ хангалттай биелүүлэхгүй байна.

-Монгол Улсын хэмжээнд хүн ам цөөтэй хэдий ч данхайсан бүтэцтэй, татвар огт бүрдүүлэхгүй хэрнээ татаас авдаг  сум, суурин их байна гэж зарим эдийн засагч, судлаачид шүүмжилдэг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?
-Төр хүн бүрээс татвар авдаг.  Иргэн хүн татвараа өгчихөөд төрөөс  үйлчилгээ авдаг.  Тэгэхээр эдийн засгийн хувьд ашиггүй бүтэц байгааг илэн далангүй ярьж л байна. Тэгвэл үүнийг бүтцийн хувьд нэгтгээд үр ашигтай, хүртээмж сайтай байдлаар зохион байгуулж болох л асуудал. Хоёрдугаарт  ганцхан эдийн засгийн нүдээр биш энэ сайхан газар нутгаа эзэнтэй байлгаж, хүн ардыг нь сайхан амьдруулахын тулд төсвийн татаас өгөх ёстой. Харин үүнийг оновчтой зөв бодлогоор тодорхойлж хийх ёстой. Үнэхээр 20 мянган хүнтэй сум, 2 мянган хүнтэй сум хоёрын хооронд ялгаа зөндөө бий.

-Төлөөлөгчийн хувьд  энэ асуудлаар ямар гарц байж болох вэ? Дэлгэрүүлж асуувал?
-Би төмөр замын холбооны инженер хүн.Би Сайншандад төрсөн бас өссөн, одоо ч амьдарсаар л байна.Төлөөлөгчийн хувьд иргэдээс ирж байгаа санал хүсэлт, хурал дээр тавигдаж буй олон асуудлаас харахад  асуудлыг хувьсах зардлаар нь бодитой шийдэж байх хэрэгтэй юм байна. 200 хүүхэдтэй газар мөн тийм хэмжээний сургууль барьдаг ч юм уу. Эмнэлэг, сургууль, төрийн үйлчилгээ мөн адилхан. Үүнээс шалтгаалаад хүүхэд хохирдог. Түрүүнд би сургуулийн жишээ татаж хэлсэн. Ажиллах цаг нь бага, нэг танхимд хичээллэх хүүхдийн тоо их болохоор багшийн хүүхэдтэй харьцах харилцаа суларч, үйлчилгээний чанар хүртээмж дагаад мууддаг. Өөрөөр хэлбэл аль ч газар шинжлэх ухаанд суурилсан байх ёстой норматив, стандартыг хангаж л асуудлыг шийддэг байх учиртай.Манайд л гэхэд хамгийн түрүүнд Сайншанд сумынхаа ЗДТГ-ыг 200 хэдэн саяар бариад байдаг, хэдэн 10 саяар машин авч унаад байдаг. Үүний оронд цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих хэрэгтэй биз дээ.  Би үүнийг шүүмжилж бас асуулга тавьж ч байсан, цаашдаа ч хэлж ярих л болно.

-Та аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдсон төлөөлөгч. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа таны харж буйгаар хэрхэн хөгжиж байна?
-Хурал бол мэтгэлцээний байгууллага. Мэтгэлцэж байж шийдвэр нь гардаг. Аль нэг сум, баг хорооны иргэдийн төлөөллийг намаас нэр дэвшүүлж сонгодог.  Харин цаашдаа нам биш зөвхөн иргэнээсээ сонгодог байхаар хуулийн төсөлд тусгаж байгаа нь сайн. 2004-2008 онд манай нам хуралд ялж нөгөө нам цөөнх байсан үе. Тэр цагт бид харьцангуй сөрөг хүчнээ сонсдог байв. 2008-2012 онд АН эрх барьж байхад бүх зүйлийг хүчээр шийдэх ч үе гарч л байсан. Аймгийн ИТХ-ын гурван бүрэн эрхийн хугацаанд тасралтгүй төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байх үед анзаарч харж байхад сүүлийн үед аймгийн ИТХ ардчиллын зарчмаар явж төлөвшиж байна. 2012 оноос хойш хэдий АН ялсан ч гэсэн бид хоорондоо асуудлаа хэлэлцдэг, нэгнийхээ үгийг сонсдог, мэтгэлцдэг, цөөнхийнхөө саналыг анхааралтай сонсдог, ажигладаг, дараа дараагийн шийдвэртээ тусгадаг гээд хурлын үйл ажиллагааны хувьд гарсан ахиц өөрчлөлт, дэвшил цөөнгүй байна. Ийм ч учраас  аймгийн ИТХ Засаг даргадаа өгсөн үүрэг даалгавраа биелүүлэхийг шаарддаг, шахдаг, хангалтгүй ажиллалаа гэж огцруулах шийдвэр хүртэл гаргаж байсан. Өөрөөр хэлбэл  хурал дотроо итгэл үнэмшилтэй, ардчилалтай байгаагийн жишээ.

-Аймгийн төлөөлөгч хүн хэрхэн ажиллах ёстой юм бэ?
-Нэгэнт аймгийнхаа сум, багаас сонгогдсон учир тухайн иргэдийнхээ дуу хоолой болж ажиллах учиртай. Тэдэнд үйлчлэх ёстой. Ерөнхий том зургаараа аймгийн хэмжээнд сэтгэж ажиллах ёстой байдаг юм.

-Сүүлийн үед Дорноговь аймгийн ИТХ-аас гаргасан томоохон шийдвэрээс та дурдаач?
-Аймаг орон нутгийн нийгэм, эдийн засаг хөгжлийг хурдасгах, хүн амын эрүүл мэнд, соёл боловсрол, нийгмийн асуудлыг шийдвэрлэх гээд олон асуудлыг хурал баталж шийдвэр гаргасан. Тэр гэж онцлох шаардлага байхгүй л дээ. Олон төсөл хөтөлбөрүүд бий. Хурлын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг нь тухайн шатны Засаг дарга байдаг. Харин хэрэгжилтэд нь хяналт тавих гэдэг бас томоохон ажил байдаг юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд саяхан болсон тэргүүлэгчдийн хуралдаанаар “Говийн тарвас” хөтөлбөрийг баталлаа. Яагаад гэвэл  говийнхоо хүн амыг эрүүл хүнсээр хангах  хэрэгцээ шаардлага буй, говьдоо брэнд бүтээгдэхүүн бий болгох үүднээс “Дорноговийн тарвас” хөтөлбөрөө баталсан. Заримаас нь тодруулбал “Архи, тамхигүй Дорноговь” хөтөлбөр, мөн архи үйлдвэрлэдэггүй аймаг болох уриалга дэвшүүлж байлаа. Баталсан хөтөлбөр, шийдвэрүүдийн хэрэгжилт 100 хувь хэрэгжиж байвал сайн. Бүр байг гэхэд 70-80 хувь хэрэгжиж байвал бидний ажлын үр дүн гарна шүү дээ.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд таны бодол?
-Цаг хугацааны хувьд  хараахан тохиромжтой биш байх. Хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ  өөрчлөлт хийх хүмүүс нь эд мөн үү, цаг үе нь мөн үү? Үндсэн хуулийг 1992 онд 430 төлөөлөгч 75 хоног хэлэлцэж байж баталсан. Гэтэл  сонгуулийн өмнө яарч бужигнуулах гээд байдаг. Одоо өөрчлөлт оруулах цаг нь биш, ул суурьтай хандаж, иргэдээр хэлэлцүүлж, сонгуулийн бус цагт  өөрчлөх нь  зүйтэй.

Ярилцсан: Х.Эрдэнэбулган

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3933
2730 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%