Өнгөрөгч долоо хоногт Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Орон тооны бус Иргэний зөвлөл нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан зүйл заалтын дагуу цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох, цагдаагийн албан хаагчийн сургалт, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих зэрэг эрхтэй байх юм. Иргэний зөвлөлийн гишүүд нь сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байх бөгөөд тэднийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гурван жилийн хугацаагаар томилох аж.