Төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого шийдвэрийн хэрэгжилт орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа, ялангуяа Засгийн газраас хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн үр дүнтэй танилцах, боловсролын салбарын багш сурган хүмүүжүүлэгч нартай уулзах, санал хүсэлтийг нь сонсох зорилгоор БСШУ-ны сайд Л.Гантөмөр гуравдугаар сарын 10-12-нд Дорноговь аймагт ажиллалаа. Тэрээр энэ хугацаанд аймгийн МССТ болон ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саранхөхөө” театр, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, түүний түшиц эмнэлэг, Сайншанд сумын II, V сургууль, Сайншанд сумын IX, X, XII цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна аймгийн боловсрол, соёлын ажилтнуудтай уулзав. Сургуулийн сурагчид боловсролын сайддаа сургуулийнхаа түүхэн амжилт, хэрхэн суралцаж буй талаараа танилцуулсан бол цэцэрлэгийн багачууд урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр: Сургалтын агуулгыг орон нутгийн онцлогтой хоршуулсан нь ихээхэн сайн
“Зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжиж байгаа сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг тухайн сургууль хэрэгжүүлэхдээ сургалтын агуулгад өөрийн орон нутгийн онцлогийг шингээж өгсөн нь ихээхэн дэвшилттэй ажил болжээ. Жишээлбэл Хөвсгөл сумын сургууль тэмээний аж ахуй тойрсон сургалтыг хүүхдүүддээ хийлгэсэн нь зөвхөн сургалт хийгээд зогсохгүй сумын эцэг эхчүүдийн хувьд томоохон наадам болж хувирсан байна. Сургалтын агуулгадаа орон нутгийнхаа онцлогийг шингээж өгөхөөр түүх уламжлалаа мэддэг, эх түүхээ мэддэг, хайрладаг, бие дааж сурдаг, зөв монгол хүүхэд төлөвшин бий болоход ихээхэн чухал. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль болон түүний түшиц “Мандах наран” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мэргэжлийн өндөр түвшний магистр, доктор цол хэргэмтэй багш нар ажилладаг эмнэлэг байгуулагдсан нь давуу талыг бий болгожээ. Нэлээд хэдэн өрөөгөөр орлоо, хариуцаж байгаа эмч нар нь дандаа багш нар байгаа нь өөрсдөө хүн эмчлэхийн хажуугаар оюутнуудаа дадлагажуулах сайн боломж юм. Анагаахын сургуулийн оюутнууд бүгд хийж чаддаг хүн болоод төгсдөөрөө онцлогтой. Зөвхөн лекц уншаад цээжлээд тогтоох биш ажлын талбар дээр гарахаараа хүн эмчлэх шаардлагатай болдог, тийм учраас эмчилгээний орчинд дасах, ажиллаж сурах нь чухал. Анагаахын оюутан мэдээж эмнэлгүүдээр явж дадлага хийнэ, гэвч багш шавийн харьцаа алддагдаг төдийгүй, шавь нь хаана очоод юу хийгээд ирэв гэдэг мэдээлэл хомс болчихдог. Тиймээс АШУҮИС дэргэдээ Япон Улсын буцалтгүй тусламжаар маш том бааз эмнэлэг барих ажлыг энэ хавар эхэлж байна. Яг үүн шиг салбар сургууль дээрээ орчин үеийн мэдлэгтэй эмч нарт түшиглэсэн эмнэлэг байгуулагдсан нь үнэхээр сайн. Дорноговь аймгийн ард түмэнд бүсийн оношилгоо үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ гэж найдаж байна. Анагаахын их сургууль онлайн сургалттай болчихсон. Онлайнаар хичээлүүдээ байршуулчихсан. Тэгэхээр багш нар заавал төв сургууль дээр очиж мэргэжил дээшлүүлэх бус онлайн сургалтаар шинэ мэдлэгээ улам баяжуулах боломж бүрдэж байна.Тэгэхээр хамгийн орчин үеийн оншилгоон арга хэрэгсэлд суралцаж байгаа, үүнийг нээж гаргаж байгаа энэ хүмүүс өөрсдөө орон нутгийн ард иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлж байгаа нь үнэхээр давуу талыг бий болгож байгаа юм гэлээ. Сайд Л.Гантөмөр Дорноговь аймгийн анагаахын сургуулийн оюутны дотуур байрын нөхцөл байдлыг харгалзан үзэж засвар үйлчилгээнд зориулж 2017 оны төсөвт 600 сая төгрөг суулгах, “Саранхөхөө” театрт 10 сая төгрөг, бусад сургууль цэцэрлэгт шаардлагатай зарим сургалтын материалыг бэлэглэсэн бол бол АШУҮИС-иас “Мандах наран” түшиц эмнэлэгт 60 мянган долларын автомат биохимийн тоног төхөөрөмж бэлэглэхээр болсныг АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар дуулгасан.
Сайд Л.Гантөмөр орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлэв
Уулзалтын үеэр боловролын сайд Л.Гантөмөр Дорноговь аймгийг удирдаж байгаа ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг нарт тухайлан баяр хүргэв. Хаа газар дарга нар зөндөө л байдаг. Энэ хоёр дарга энэ аймгийн боловсролыг өөд татахад ялангуяа сургууль, цэцэрлэгтэй болгох ажлыг хийхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэжээ. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх зорилтыг хүрээнд 2009-2015 онд шинээр 15 цэцэрлэг, гурван сургууль, есөн дотуур байрыг барьж ашиглалтад оруулсныг дууллаа. Би Сайншандад ажиллахдаа шинээр барьсан хоёр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Улсад жишиг болох сайн цэцэрлэг, мөн жишиг болох сургалтын орчин бүрдүүлжээ гэв. Мөн Дорноговь аймгийн боловсрол, соёлын байгууллагад ажиллаж буй багш ажилтнуудтай уулзаж өөрийн санал бодлыг хуваалцав. Тэрээр багш нарт хүүхдийг сургахад битгий яараарай, яавал өөрсдөөр нь хийлгүүлэх, цээжлүүлэхгүй байх, яавал өөрөөр нь ойлгуулж сургах, сонирхолтой зүйл дээр нь суурилж сургах тал дээр анхаарч ажиллахыг захисан.