Бүх нийтээр мод тарих өдөр буюу тавдугаар сарын 14-нд Дорноговь аймгийн ИТХ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн”-д байгууллагын хамт олон, хувь хүмүүс хамтарч мод тарилаа. Энэ удаа тус аймгийн ИТХ-аас хайлаас, улиас зэрэг нийт 4000 гаруй, “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-аас 2000 гаруй модыг суулгав. Аймгийн хурлаас нэгдсэн журмаар модны нүхийг ухаж мод тарих бэлтгэлийг сайтар хангасан бөгөөд оролцож буй хүмүүст мод суулгах талаар мэргэжлийн хүмүүс заавар зөвлөгөө өгч ажилласан байна. Харин өтгөн ойн төгөлд ургадаг гацуур модыг говийн хөрсөнд тарьсан нь ихээхэн содон харагдаж байлаа. Өнгөрөгч жил энэ газарт худаг гаргаж хашаажуулж хайлаас, улиас, улаан бургас, голт бор зэрэг 6000 гаруй мод тарьж байсан бол энэ жилээс мод үргэлжлүүлэн тарьж, цахилгаан эрчим хүч татах, усалгааны систем суурилуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мод тарих ажилд аймгийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон, Сайншанд сумын хот тохижилтын газар, “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Нийтлэг үйлчилгээний газар, Залуучуудын холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Тулга” хайр халамжийн холбоо зэрэг байгууллагууд оролцлоо.