2016 оны аймгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах анхдугаар хуралдаан 2016 оны 07-р сарын 07-ны өдөр боллоо. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар МАН-аас сонгогдсон төлөөлөгч С.Түмэнбаярыг олонхийн саналаар сонголоо. Энэ үеэр аймгийн ИТХ-ын даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн Г.Ганбаатар дарга шинээр сонгогдсон хурлын дарга болон тэргүүлэгчидтэй уулзан, өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.
Юуны өмнө орон нутгийнхаа ардын иргэдийн болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нөхдийнхөө итгэлийг хүлээн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр сонгогдсон та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе!
Мен НӨУЁсны байгууллагын жаргал зовлонг сайн мэдэх олон удаа аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож байсан хүн аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсонд баяртай байна. С.Түмэнбаяр даргад амжилт хүсье!
Сүүлийн 8 жил Дорноговь хэмээх их айлыг бодлогын түвшинд нь удирдаж явсан хүний хувьд та бүхэнд хэдэн зүйл хэлж санал бодлоо хуваалцъя гэж бодлоо. ИТХ-ын үндсэн ажил бол иргэдийнхээ дуу хоолой болж иргэдийн өмнөөс төрд хяналт тавих, төсвийг нь баталж өгөх гаргасан шийдвэр тогтоолынхоо хэрэгжилтэд хяналт тавих, иргэдийнхээ санал хүсэлт нутаг орныхоо эрэлт хэрэгцээнд тулгуурласан бодлого боловсруулах байдаг. Үүнд иргэдийн оролцоо, ил тод байдал их чухал.
-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд "Иргэний оролцооны хэлтэс" байгуулсан аймгийн ИТХ бол ганцхан манай аймаг байгаа. Бид энэ хэлтсээрээ дамжуулан олон арга хэмжээ зохион байгуулж байсан. Иргэдээ соён гэгээрүүлэх лекц, семинар, нэртэй эрдэмтэд, нутаг орны алдар суутай улсуудтай уулзалт ярилцлага зохион байгуулах гэх мэт. Мөн иргэддээ мэдээлэл хүргэдэг, санал хүсэлтийг нь сонсдог мессеж үйчилгээ бол шинэ зүйл.
-Ил тод байдал бол ардчилсан нийгмийн амин сүнс нь. Энэ талаар бид тэргүүлэгчдийн болон аймгийн ИТХ-ын хуралдааныг шууд болон шууд бусаар ямар ч цензургүй нэвтрүүлж ирсэн. Аймгийн ард иргэд маань "Бага ард түмэн" болсон та бүхний үйл ажиллагааг эндээс л мэдээлэл авдаг. Үүнээс битгий ухраарай.
-Аймгийн ИТХ-ын бас нэг онцлог зүйл бол 4 жил тутамд 60-80 хувь иргэдийн сонголтоор солигдож байдаг өвөрмөц байгууллага. Тийм учраас шинээр сонгогдсон төлөөлөгчдөө сургах, чадавхжуулах хурлын ажлын албаа сайтар туршлагажуулах ажил бол бас та бүхний ажил шүү. Хурал бол хамтын шийдвэрийн байгууллага тул та бvхний хамтын ажиллагаа, ойлголцол бие биенээ ойлгож дэмжиж хамтарч ажиллах нь их чухал. Хурлын даргаа сайн дэмжиж ажиллаарай. Жилийн эцэст хурлын даргыг биш тэргүүлэгчдийн үйл ажиллагааг хурал чинь үнэлдэг юм.
-Бид өнгөрсөн хугацаанд Иргэний танхимаа санаанд хүртэл ажиллуулж чадсангүй. Соёмбо цогцолборын 2-р давхарт байрладаг нь ч нөлөөлсөн байх, бас Сайншанд сум маань давхар Иргэний танхимтай болсон. Ер нь Иргэний танхим хөл хөдөлгөөн ихтэй газар байрлавал зүгээр юм билээ, цаашдаа анхаарна биз дээ.
-ГХУСАЗСЗөвлөл бол аймгийн ИТХ-ын дэргэдэх байгууллага. Жил бүр замын хөдөлгөөний аюулгүй байдал ялангуяа авто тээврийн осол их гарах боллоо. Энэ тал дээр тэргүүлэгчид та нөхөд онцгой анхаарал хандуулж бодлого чиглэл, төсвийн дэмжлэг үзүүлж ажиллаарай.
-Бас нэг зүйл бол, иргэдийн цэцэрлэгт хүрээлэн.
Бид аймгийн ИТХ, тэргүүлэгчид санаачлаад ноднин жил 30 га газарт эхлүүлсэн ажил. Өнгөрсөн хугацаанд бид дэд бүтцийг нь хашаа, худаг гээд шийдсэн. Бас 10 гаруй мянган мод суулгасан байгаа. Үе үeийн аймгийн ИТХ арчилж тордож төсөв мөнгийг нь суулгаж явах учиртай юм.
Саяхан уншиж байсан нэгэн зүйл санаанд орлоо. Хятадын нэг хаан Күнзээс Манай түшмэдүүд хулгай хийгээд байх юм. Одоо би яах вэ гэж асууж гэнээ. Тэгсэн Күнз “Та өөрөө битгий хулгай хий” гэж хариулсан гэдэг.
Удирдах ажил хийж байгаа хүн зөвхөн удирдахаас гадна "Манлайлагч" байх ёстой. Өнгөрсөн 8 жил би ингэж ажиллаж ирсэн. Эцэст нь хэлэхэд манай аймаг бол бодлого нь тодорхой, хөгжлийн ирээдүй нь гэрэл гэгээтэй аймаг.
Цаашдаа яаж явах нь та бүхнээс ихэд хамаарна.
"Та бүхэнд өндөр амжилт хүсье" гэв.