"Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН2719/0240 төсөл"-ийн хүрээнд баригдаж буй Ложистикийн төвийн барилгын ажлын нээлт Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зэрэг албаны хүмүүс оролцлоо. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх тус төсөл нь Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж, эдийн засаг эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, экспортын нэг цонхны бодлого явуулж, гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг төрийн үйлчилгээг нэг цэгт үзүүлж, чирэгдлийг багасгахаар заасан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эдгээр зорилтыг болон Мянганы хөгжлийн зорилтыг хангах таатай нөхцөлийг бүрдүүлж Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлт, улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашигтай, өрсөлдөхүйц, найдвартай холимог тээврийн системийг хөгжүүлж, ашиглахад тус төслийн зорилго оршиж байгаа билээ.
Тус ложистикийн төв нь дэд бүтэц болох өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11,6 км орчим төмөр зам, ложистикийн төв рүү орох-гарах төмөр замтай 2 түвшинд огтлолцох хүнд даацын 19 у/м төмөр бетон гүүрэн байгууламж, 1.6 км автозам, 50 тн,70 тн гүүрэн кран, эрчим хүчний 110кВ-ын ЦДАШ, 2*630кВа, 2*16000кВа цахилгааны дэд өртөөнүүд, дулаан хангамжийн сүлжээ, цэвэр бохир усны шугам сүлжээ зэрэг инженерийн шугам сүлжээ, холбооны сүлжээ бүхий нийт 128 га талбайг хамарсан цогц байгууламж юм.
Ложистикийн төвийн барилга байгууламж нь захиргааны байр, засварын төв, уурын зуухны барилга, генераторын барилга, насосны байр, бие даасан цэвэрлэх байгууламж, орц/гац, ажилчид, жолооч нарын үйлчилгээний барилга, харуулын байр, дизель түлшний нөөцийн сав, газар доорх усны нөөцийн сав автопүү, гаалийн түр агуулах зэргээс бүрдэнэ.
Ложистикийн төв нь 24 цагийн үйл ажиллагаатай, 2 ээлжээр ажиллах бөгөөд хоногт 600 орчим вагон буюу 12 галт тэрэг БНХАУ-ын талаас хүлээн авч ачиж буулгах, шилжүүлэн ачилт хийх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар тооцологдож байгаа ба 200 орчим ажлын байр бий болно.
Тус терминал ложистикийн төвийг барьснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн салбарын том оврын тоног төхөөрөмж болон манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн боломж нээгдэж байна. Энэ нь Монгол Улс төдийгүй бүс нутаг дахь тээврийн коридоруудтай манай улсын орц гарц өрсөлдөх таатай боломжийг бүрдүүлнэ.