Хутагтын нутгийн хийморлог ард түмэндээ энэ сайхан өглөөний мэндийг нэгэн сайхан баярт мэдээний хамт дуулгая. Говь нутаг тэр дундаа Дорноговийн энэ л газар шороон дээр төрж, өсөж, бөхийн гараагаа эхэлсэн манай нутгийн унаган хүүхэд Азийн наадмын мөнгөн медальт, Бразилын гран-при тэмцээний хошой аварга, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Болормаагийн Ууганхүү цэнгэлийн манлай олимпийн наадамд Монгол түмнийхээ итгэлийг алдалгүй урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Дорноговьчууд бид паралимпийн анхны медальтантай болсон бахдам мэдээг дуулгахад таатай байна. Манай бөхийн зодоглосон 60 кг-ын жинд орон орноос шалгарсан 12 шилдэг тамирчин өрсөлдсөн. ОУХМ Б.Ууганхүү эхний тойрогт эзэн орны бөхийг 2 минут 3 секундэд цэвэр ялж, шилдэг наймд үлдсэн. Харин дараагийн учраа Японы Х.Макотог эхний 4 минутад хоёр юүко үнэлгээгээр хожиж явсан ч цаг дуусахын өмнө цэвэр ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд БНСУ-ын Мин Жи Лийг цэвэр ялсанаар хүрэл медалийн төлөө Азарбайжаны бөх Паралимпийн алт, хүрэл медальт Ибрахимов Раминтэй учраа таарч боломжийг алдалгүй 4-хэн секундэнд ялалт байгуулснаар Монгол түмэндээ паралимпийн наадмын хоёр дахь, Дорноговь аймагт анхны медалийг авчирсан түүхэн амжилтын эзэн бол болж та бид үүнийх нь гэрч болон үлдэж байна. Монголын спортын түүхэнд тодоор бичигдэж, чангаар яригдах бахдам амжилтын эзэн болсон говь нутгийн унаган хүүд халуун баяр хүргэе. Дараагийн олимпийн наадамд АВАРГА болох болтугай.
Эх сурвалж: Дорноговь аймгийн БТСГ-ын фэйсбүүк хуудас