ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хурал болж өндөрлөлөө

Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 2016 оны 9-р сарын 29-ний өдөр боллоо. Ээлжит хоёрдугаар хуралдаан 29 төлөөлөгчтэйгээр ирц 93,5 хувьтай аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны танхимд болж, 12 асуудлыг хэлэлцлээ. 
Үүнд:

1.Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаанд баримтлах хуралдааны дэг батлуулах
Аймгийн ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд баримтлах дэгийг аймгийн ИТХ-ын 02/01 тогтоолоор баталлаа.

2.Аймгийн ИТХ-ын хороо байгуулах, ажиллах журмыг батлах тухай.
Аймгийн ИТХ хороог Нийгмийн бодлогын, Санхүү, эдийн засаг, төсвийн бодлогын, Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын, Нутгийн захиргаа, хууль эрх зүйн бодлогын, Олон нийттэй харилцах бодлогын гэсэн 5 хороог байгуулан, ажиллах журмын хамт батлав.

3.Орон нутгийн 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
Орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн орлогыг 42 тэрбум 759,2 сая, зарлагыг 43 тэрбум 368,4 сая төгрөгөөр батлах тухай тогтоолын төслийг дэмжлээ.

4.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020 он/
Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь:
- Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого
- Нийгмийн бодлого
- Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого
- Засаглалын бодлого гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдсэн.

5.Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 2015 оны 12-р сарын 4-ны өдрийн Аймгийн ИТХ-ын 10/05 тогтоолоор баталлаа. Энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд 2016 онд бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байгаа ч эдийн засгийн хүндрэл, төсвийн орлого тасарсан, зарим асуудлууд шийдэгдсэн, цаг хугацааны хувьд энэ жил хэрэгжих боломжгүй зэргээс үүдэн 3 бодлого 18 заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хэмжээг хасах саналыг оруулж дэмжсэн.

6.Орон нутгийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 02/09 тогтоол батлагдлаа.

7.Аймгийн 2015-2027 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай
Аймгийн газар зохион байгуулалтын 2015-2027 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Улаанбаатар хотын “Газар сервис” ХХК өнгөрөгч онд 14 суманд судалгаа хийж гаргажээ. Энэхүү судалгааны ажлыг 45 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү асуудлыг төлөөлөгчид дахин судлах шаардлагатай гэж үзсэн учраас энэ удаа хэлэлцэхгүй, дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр болж хойшлууллаа.

8.Зарим сумдад иргэнд гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай
Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт Айраг, Сайншанд, Өргөн, Хатанбулаг, Улаанбадрах, Эрдэнэ сумдаас ирүүлсэн саналаар шинээр газар өмчлөхөөр 1348 иргэн 104,7 га, хашааныхаа газрыг өмчлөхөөр 55 иргэн 5,3 га, аж ахуй нэгжийн зориулалтаар нэг иргэн 0,5 га газрыг өмчлөхөөр саналаа ирүүлжээ. Энэхүү асуудлын хүрээнд аж ахуйн нэгжийн зориулалтаар өмчлөх иргэний 0,5 га газрын хүсэлтийг хойшлуулахаар болж бусад иргэдийн хүсэлтийг хүлээн авсан юм.

9.Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай
Замын-Үүд сумын Сүлд багийн нутагт БНХАУ-ын консулын газар байдаг бөгөөд тус консулын газарт 2 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

10.Зарим газрын аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай
Улаанбадрах, Хатанбулаг сумын Өөшийн говь, Түймэртийн толгод, Сулинхээрийн тал зэрэг 8 газрыг аймгийн тусгай хамгаалалтанд авах саналыг нийт төлөөлөгчид дэмжлээ.

11.Хилийн боомтоор зорчигчдоос хураамж авах тухай
Өнгөрсөн онд Замын-Үүдээс Эрээн рүү зорчиход 1000 төгрөгний хураамж авдаг байсан. Хураамжийг Замын-Үүд сумын ИТХ-ын 93-р тогтоолоор хураамж авахаа больсон. Харин төсвийн орлого тасарсантай холбоотойгоор хилийн боомтоор зорчигчдоос хураамж авах саналыг оруулж ирсэн. Ханги болон Замын үүдийн боомтоор БНХАУ руу зорчиж байгаа Монгол иргэнээс 1000 төгрөг, гадаад иргэнээс 5000 төгрөг авахаар саналыг оруулж дэмжсэн. Ингэснээр 2,4 тэрбум орчмоор тасраад байгаа аймгийн орлогыг 720 сая төгрөгөөр нөхөх боломжтой гэж үзлээ.

12.Бусад асуудал /ердийн тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай/
Замын-Үүдэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Бүс нутгийн ложистикийн төв” байгуулахаар болсон. Тус төвийг барихад хайрга дайрга нийлүүлэх шаардлага гараад байгаа юм. Иймд Эрдэнэ сумын Хөх овоо гэдэг газраас 1000 м.куб элс хайргыг ашиглах юм байна. Өнөөдрийн өртгөөр 1 шоо метр элс 1000 төгрөг, хайрга 1 шоо метр нь 800 төгрөг байгаа юм. Иймд энэхүү төлбөрийг нэмж 3,500 болгосноор аймаг орон нутгийн тасраад байгаа орлогыг бага ч болов нөхнө гэж үзлээ. 

Хуралдааныг DSB телевиз шууд дамжуулж, MНТ телевиз, Dmedia агентлаг сурвалжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%