Сайншанд хотын ууган цэцэрлэгүүдийн нэг УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хүүхдийн секторын харьяа “Хараацай” цэцэрлэг түүхт 60 жилийн ойтойгоо энэ өдрүүдэд учран золгож байгаа билээ. Анх 1955 онд 25 ортой, 5 ажилтантай Галино Паволно эрхлэгчтэй Сайншанд сумын 4-р багийн нутаг Буянт-Ухаа хэмээх газар үйл ажиллагаа явуулж байсан бол одоо Р.Бадамханд эрхлэгчтэй, 280 орчим хүүхэдтэй 27 багш ажилтантай өргөжин үйл ажиллагаа явуулж байна.
Тус цэцэрлэгийн түүхт 60 жилийн ойн нээлтийн ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Одбаяр зэрэг аймаг, сумын удирдлагуудаас гадна УБТЗ-ын дарга асан н.Раш болон салбарын бусад төлөөлөл оролцож, хүрэлцэн ирсэн цэцэрлэгийн үе үеийн эрхлэгч, ахмад багш нар, багш ажилчид, төгсөгчид, шавь нарт мэндчилгээ дэвшүүлж, нэгэн жарны түүхийг хамтдаа бүтээлцсэн бүх хүмүүст цаашид төмөр замчдын ирээдүй үеийг сурган хүмүүжүүлэх их амжилтыг хүсссэн юм.
Нээлтийн ажиллагааны үеэр тус цэцэрлэгийг төгссөн төгсөгчид урлагийн тоглолтоо сонирхуулж, бяцхан хүүхдүүд уран хэмнэлт гимнастикийн үзүүлбэрээсээ сонирхуулав. Харин түүхэн хөгжлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Төмөр замын соёлын ордонд гаргасан бөгөөд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид үзэж танилцлаа..
Харин баярын нээлтийн үеэр хийж бүтээсэн ажил үйлсээрээ мэргэжил нэгт нөхдөө манлайлсан цэцэрлэгийн удирдлагууд, ахмад багш нар, ажилчдыг аймаг орон нутгийн өргөмжлөл, Боловсролын салбарын, УБТЗ-ын болон бусад шагналаар шагнаж урамшуулсан.
Дорноговь аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр дараах хүмүүс шагнууллаа. Үүнд: ахмад ажилтан С.Таня, Ч.Цэрэндолгор, Г.Амаа, ажилтан Н.Оюунтуяа, Д.Гэрэлтуяа, Б.Анхбаяр
Та бүхэнд түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе.