УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын нэгдсэн, портал KHURAL.MN цахим хуудасны хөтлөгч, хөгжүүлэгчийн сургалт эхэллээ.
Тус сургалт нь 2016 оны 11-р сарын 14-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл Энхий төлөө цогцолборт үргэлжлэх бөгөөд энэхүү сургалтад 21 аймгийн ИТХ-ын нийт 50 орчим ажилтан 3 өдрийн турш хамрагдаж байна. Энэхүү сургалтаар ИТХ-уудын нэгдсэн цахим хуудас болон дэд хуудсыг хэрхэн хөгжүүлэх, хөтлөх арга болон цахим хуудсаа амжилттай хөгжүүлж байгаа аймгуудын сайн туршлагаас харилцан суралцах юм.
Одоогоор KHURAL.MN ИТХ-уудын нэгдсэн цахим хуудсын хүрээнд Нийслэл, түүний 9 дүүрэг, 21 аймаг, тэдгээрийн 330 сум нийт 360 дэд цахим хуудас бий болж, өдөрт 50 орчим мэдээллээр шинэчлэгдэж, мэдээллийн хамгийн том портал сайт болоод байгаа. Төлөөлөгчид өөр хоорондоо мэдээллээ солилцох шинэ орон зай болж, ухаалаг утсанд зориулсан KhuralMN аппликэшнг хүртэл бүтээсэн нь үр дүнд хүрснээр төсөл 2017-2020 он хүртэл үргэлжлэхээр болжээ.