Дорноговь аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Залуучуудын хөгжлийн төв, Дорноговь аймгийн Залуучуудын холбоо хамтран “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2016 оны 11-р сарын 26-ны өдөр Соёмбо цогцолборт зохион байгууллаа.
Иргэн хүн бүр эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархах үзлийг залуучуудад төлөвшүүлэх зорилгоор энэхүү андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэхүү ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, АЗДТГ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Дэнсмаа, аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Э.Энхжаргал нар оролцож андгай өргөж буй сурагчдад баяр хүргээд хариуцлагатай иргэн болон төлөвшихийг хүсэн мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улс Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн энэ өдөр Монгол Улсын хэмжээнд нийт 46000 сурагч иргэний андгай өргөж байгаагаас Дорноговь аймгийн хувьд Сайншанд сумын Ерөнхий боловсролын нэг, хоёр, гурав, тавдугаар сургуулийн сурагчид, МСҮТ-ийн суралцагчид нийт 140 сурагч андгай өргөж, аймгийн удирдлагуудаас батламжаа гардан авсан юм.
Энэ үеэр аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Э.Энхжаргал аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ахмад багш н.Хоролсүрэн, аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын ажилтан Ж.Хонгорзул нарт Монголын Залуучуудын холбоо үүсч хөгжсөний 95 жилийн ойн медаль, Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургуулий нийгмийн ажилтан М.Мөнхбаатарт хүүхэд залуучуудыг зөв иргэн болон төлөвшүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж МЗХ-ны “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдгийг тус тус гардуулан өглөө.