Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу аймгийн төрийн захиргааны албан хаагчдын тангараг жил бүр улс тунхагласны баярын өдөр өргөдөг уламжлалтай билээ.
Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр буюу 2016 оны 11-р сарын 26-ны өдөр Соёмбо цогцолборт болж, аймгийн ЗДТГ, түүний харьяа агентлаг газар, сумдын ЗДТГ-ын мэргэжилтнүүд нийт 41 төрийн албан хаагч тангараг өргөн, төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа илэрхийлж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.
Энэ ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, АЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон холбогдох албаны төлөөллүүд оролцон, төрийн үйл хэрэгт зүтгэх залууст мэндчилгээ дэвшүүлэн, цаашдын ажилд нь амжилт хүсээд, Дорноговь аймгийн Төрийн захиргааны албан хаагчийн энгэрийн тэмдгийг гардуулан өглөө.