Догшин ноён Хутагтаараа овоглодог Дорноговь аймагтаа ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж туурвиж яваа ард иргэдийнхээ амар амгаланг айлтган, айлчлан ирж буй 2017 оны шинэ жилийн баярын мэндийг аймгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Улиран одож буй 2016 онд улс орон нутгийн нийгэм, улс төрийн байдалд олон чухал үйл явдал болж өнгөрлөө. 2016 онд Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгууль боллоо. Улсын хэмжээнд болон Дорноговь аймгийн хэмжээнд Монгол ардын намаас нэр дэвшигчид ард түмний итгэлийг хүлээж, үнэмлэхүй олонхи боллоо. Биднийг багаар нь дэмжсэн нийт ард иргэддээ талархал илэрхийлье.
Бид өнгөрсөн хугацаанд нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөв зэрэг орон нутгийн амьдралын тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэн. Тухайлбал ээлжит 2 дугаар хуралдаанаар аймаг орон нутгийнхаа ирэх дөрвөн жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлон баталж, ээлжит 3 дугаар хуралдаанаар Дорноговь аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, орон нутгийн 2017 оны төсвөө хэлэлцэн баталсан билээ. Аймгийн ИТХ-аас баталсан бүтээн байгуулалт, хөгжлийн хөтөлбөр үр дүнтэй, эрчимтэй хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Хөгжлийн төлөөх бодлого, шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавьж, бүс нутаг аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.
Улс орны эдийн засаг хүндэрч, хөрөнгө оруулалт багасч, аж ахуй нэгж байгууллагын орлого багасч буй хүндхэн үе тохиож байгаа ч ирж буй шинэ он маань нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг олсон бүтээлч ажил өрнүүлж, хүн бүрийн аж амьдрал дээшилсэн жил байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
Ирж байгаа шинэ он аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд бүтээн байгуулалтын жил байх болно. Мөн бид иргэдтэйгээ илүү ойртон ажиллаж, санал гомдлыг цаг тухайд нь хүлээн авч шийдвэрлэх, аж амьдралыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалахад түлхүү анхааран ажиллах болно.
Өөрсдийн шаргуу хөдөлмөр, амжилт бүтээлээрээ аймаг сум, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн түүхийг бичилцэж яваа Дорнын говь нутгийнхандаа шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.ТҮМЭНБАЯР