Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн мэндийг нийт Дорноговьчууддаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурал нийгмийн хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлсон Үндсэн хууль баталж, улс орон даяар өнөөдрийг хүртэл дагаж мөрдсөөр ирлээ. Шинэ Үндсэн хууль нь манай орны улс төр, эдийн засаг нийгмийн цоо шинэ харилцааг бий болгон, хүний эрхийг дээдэлсэн, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалсан, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг илэрхийлсэн нийгмийн харилцааг 25 жилийн турш сайтар зохицуулж чадсан чухал хууль болсон гэж үздэг.
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр Үндсэн хуулийн өдөрт зориулан тодорхой арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд төрийн албан хаагчдад Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий лекц хэлэлцүүлэг, мөн хүчит бөхийн барилдаан, Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын ахмад депутатуудад хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.
Өөрсдийн шаргуу хөдөлмөр, амжилт бүтээлээрээ аймаг сум, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн түүхийг бүтээлцэж яваа Дорнын говь нутгийнхандаа Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн мэндийг дахин хүргээд, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
С.ТҮМЭНБАЯР