Жил бүрийн 01 дүгээр сарын 31-ний өдөр болдог Иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр Иргэний нийгмийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалт ярилцлаганд Гал голомт үндэсний хөдөлгөөн, Манлайлагч иргэд, Ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, АОЭХ, Залуучуудын холбоо, аймгийн ҮЭХ... зэрэг нийт 15 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийллээ. Мөн Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул “Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, анхаарах асуудал”, АЗДТГ-ын Хууль-Эрх зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа “Иргэний нийгмийн байгууллагын талаарх орон нутгийн бодлого шийдвэр, хэрэгжилтийн тухай”, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ “Монгол Улсын ХЭҮКомиссын тухай болон хамтран ажиллах” талаар тус тус мэдээлэл хийж уулзалт ярилцлаганд ирсэн нийт төлөөллүүд өөр өөрсдийн санал бодлоо илэрхийлж хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг дурьдлаа.
Тэднээс орон нутагт тулгамдаж буй асуудал болон иргэд, төрийн бус байгууллага төрөөс хэрхэн хамтран ажиллах боломж байгаа асуудлаар өөрсдийн саналаа хэлэв.
Уулзалтанд ирсэн Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдээс гарсан саналын дагуу сар бүрийн эхний долоо хоногийн Баасан гарагийн 10 цагт “Соёмбо цогцолбор дахь Иргэний танхим”-д уулзалт, ярилцлага, сургалт хийх боломжийг аймгийн ИТХ-аас олгохоор боллоо.
Тус өдрийн тухайн цагт Иргэний нийгмийн байгууллагууд иргэддээ чиглэсэн арга хэмжээ явуулахаар тогтлоо.