Догшин ноён хутагтаараа овоглодог Дорноговь нутгийн өнгө жавхаа, өрх гэрийн гэрэл гэгээ, нутаг орны түшиг тулгуур болсон эхчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Жил бүрийн 03 дугаар сарын 08-ны өдрийг дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, эрх, эрх чөлөөг нь баталгаажуулах өдөр болгон тэмдэглэж ирсээр багагүй хугацаа өнгөрчээ.
Өнөөдөр манай Дорноговь нутгийн эхчүүд, эмэгтэйчүүд улс орны хөгжил цэцэглэлт, нутаг орон, ард иргэдийнхээ төлөө нийгмийн бүхий л салбарт өөрсдийн мэдлэг боловсрол, билэг оюун, авьяас чадвараа дайчлан хөдөлмөрлөж, манлайлах үүрэг, хариуцлагаа өндөрт өргөж явна. Тухайлбал аймаг болоод 14 сумын ИТХ-ын хэмжээнд нийт 303 төлөөлөгч нутгийн зон олноо төлөөлөн дуу хоолойгоо хүргэж байдгаас 34 хувь буюу 105 нь эмэгтэй төлөөлөгч байгаа юм. Энэ нь эмэгтэйчүүдийн оролцох оролцоо эрс нэмэгдэж, нутаг орны хөгжил дэвшлийг эмэгтэйчүүд та бүхний оролцоотойгоор тодорхойлж байгааг онцлон тэмдэглэмээр байна.
Жилд нэг тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр ээжүүдээ, эмэгтэйчүүдээ баярлуулан, хайрлан хүндэтгэхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийн нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар тодорхой ажлуудыг санаачилж хийхийг ард иргэддээ уриалж байна.
Дорноговь нутгийн нийт эмэгтэйчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүд та бүхэн маань үргэлж инээж баясаж, сүүн цацлаар өглөөг угтаж, сэтгэлийн гэгээгээр орчлонг сүлж, халамж хайраар дүүрэн, аз жаргалтай сайхан амьдрахыг хүсэн ерөөе.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
С.ТҮМЭНБАЯР