Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн бодлого шийдвэр гаргах,
үйл ажиллагаагаа зохион байгуулахад Иргэний нийгмийн байгууллагуудыг өргөнөөр
татан оролцуулж хамтран ажиллах бодлогыг барин ажиллаж байна.
Иргэний нийгмийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын
даргаас Төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзалт ярилцлага хийсэн бөгөөд уг уулзалтаас гарсан саналын дагуу сар бүрийн
эхний долоо хоногийн Баасан гарагийн 10 цагт “Соёмбо” цогцолбор дахь “Иргэний
танхим”-д уулзалт, ярилцлага, сургалт хийхээр тохирсон бөгөөд уг хуваарийн дагуу өнөөдөр буюу 2017 оны 04
дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагаас орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж
буй 10 гаруй төрийн бус байгууллагуудын төлөөллүүд уулзлаа.
Уулзалт ярилцлагыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул чиглүүлж, төр иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, шийдвэр гаргах төвшин дэх иргэдийн оролцоог сайжруулах шаардлагатай байгаа асуудлаар мэдээлэл хийж, төрийн бус байгууллагын төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, цаашид иргэдрүү чиглэн хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал бодлоо илэрхийлж ярилцлаа. Төр, орон нутгийн бодлого шийдвэрийг гаргахад иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг бодитой судалж ажиллах нь зүйтэй бөгөөд энэхүү судалгаа, хяналт үнэлгээний ажлыг төрийн бус байгууллагууд гүйцэтгэх боломжтой асуудлаар оролцогчдоос санал хэлж байлаа.
Төрийн бус байгууллагуудаас сургалт сурталчилгааныхаа үйл ажиллагааг явуулахад байрны асуудал байнга тулгамдаж байгаа бөгөөд аймгийн Иргэний танхимын үйл ажиллагааг илүү нээлттэй хүртээмжтэй болгож ТББ-уудын үйл ажиллагааны идэвхтэй талбар болгох шаардлагатай байгаа саналаа хэллээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн Иргэний танхимын ажиллах журмыг ажлын албанаас шинэчлэн батлуулахаар төсөл боловсруулж байгаа бөгөөд уг төсөл иргэний танхимын үйл ажиллагааг илүү тогтвортой иргэд, ИНБ-д нээлттэй байлгахаар тусгаж байгаа талаар харилцан ярилцаж санал авав.
Уг уулзалт, ярилцлагаас энэ 4 дүгээр сард хувь хүний хөгжлийн асуудлаар сургалт, иргэн-гэр бүл ба эрх үүрэг сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-аас ТББ-уудтай хамтарч зохион байгуулахаар төлөвлөв.
Түүнчлэн иргэдэд төрийн бодлого шийдвэр, төрийн ажлын зар мэдээг тогтмол хүргэн иргэдтэй харилцан ажиллаж буй багийн хэсгийн ахлагчдыг чадавхжуулах, харилцаа хандлагыг нь сайжруулах онцгой шаардлага байгааг ярилцаж эхний ээлжинд Сайншанд сумын багийн хэсгийн ахлагч нарын сургалтыг ТББ-уудаас хамтран зохион байгуулахаар болов.
Дараагийн
уулзалт 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт Соёмбо цогцолбор дахь “Иргэний
танхим”-д болох тул төрийн бус байгууллагууд цаашид санаачилга гарган өргөнөөр
оролцож бодит ажил хэрэг төлөвлөж ажиллах нь чухал байна.
Та бүхэн
өргөнөөр оролцоно уу.